The Way for all
Monday, December 01, 2008
  2 сар болжээ
Дожогоо нээгээд бараг 2 сарын хугацаа өнгөрсөн байна. Ямар ч байсан энэ хугацаанд боломжийн хэрээр ажлаа амжуулж бас ч үгүй сурагчид маань нилээд их зүйл сурч мэдэж авсан нь харагдах болсон нь багшийн хувьд сэтгэл хангалуун байна. Бүсний шалгалтууд авагдаж нилээн хүмүүс амжилттай бүсээ хамгаалцгаалаа. каратэ.мн домайн дээр манай вэб хуудас байрлах боллоо. Та бүхэн ороод үзнэ биз дээ
 
Monday, September 22, 2008
  Дожо-гоо нээх боллоо
Олон жил Дожо-гоо нээх бодлоо өвөрлөж явсаар энэ жил дожогоо нээх боломж гарч ажилдаа ороод байна. Хотын төв хэсэгт боломжийн байрлалтай тодорхой хэлбэл МетроМол-хойхно талд байрлах байрны зам дагуу нэг давхрын 160кв.м талбай бүхий байр тун удахгүй Шукокай каратегийн монгол дахь Хомбу-Дожо болох бэлтгэлдээ хэдийн оржээ.
Та бүхэнийг удахгүй нээгдэх дожод маань саатна гэдэгт найдаж байна.
 
Wednesday, November 08, 2006
  5-хан удаагийн бэлтгэл ...



Миний энэхүү каратегийн сургуульд цааш суралцах эсэхээ шийдэх хугацаа тулж ирээд байлаа. Үндсэндээ зарын дагуу ирж 35 маркаа төлснөөр 5 удаа хичээллэх эрхтэй болсон байсан нь дууссан гэсэн үг л дээ.
Шийдвэр гаргахад нэг л зүйл бодоход хүргэсэн нь төлбөрийн асуудал байлаа. Би Их сургуулийнхаа спортын нийгэмлэгт нэг бүтэн жилд төлдөг байсан төлбөрөө сар бүр төлдөг болох болоод байв.
5 удаагийн бэлтгэл хийхдээ би өөрийнхөө сүүлийн бүтэн 2 жилийн хугацаанд каратегаар хичээллэхдээ үзэж мэдэрч байгаагүйгээр сайжирч байгаагаа мэдэрч байсан нь намайг энэ сургуульд үлдээлээ. Би 1 жилээр гэрээгээ хийснээр шукокай карате хэмээх том айлын босгыг алхлаа.
Энэ богинохон хугацаанд заах сургах гэсэн зүйлээ сэтгэл харамгүй шавь нартаа зориулдаг, чадварлаг, сурсан эрдэмдээ гаргуун нэгэн, багш Майк сенсейдээ (Mike Moldenhauer 4.Dan) чин сэтгэлээсээ талархаж явдаг билээ.
 
Thursday, October 26, 2006
  Нэг л өөр ...
Их сургуулийн дэргэдэх нийгэмлэгт хичээлэлсээр бараг нэг жилийн нүүр үзэхэд би шотокан каратегийн шар бүс буюу сурагчийн 8-р зэрэгтэй болсон байлаа. Гэтэл миний хувьд нэг их зүйл өөрчлөгдөөгүй ба нөгөө л хийх ёстой сурах ёстой техникүүдээ хэдэн мянгаар нь давтсаар л хэзээ нэг цагт гэнэт л "мундаг" болчих юм шигээр төсөөлсөөр байсан юм.
Гэтэл нэг өдөр сонин уншиж байтал нэгэн зар нүдэнд туссан нь нэгэн каратэгийн сургуулийн зар байлаа. Энэхүү зарын нэг сонин юм нь гэвэл сонирохсон хэн ч болов 35 дойч марк төлөөд 5 удаа хичээллээд нэг каратэгийн хувцас бэлгэнд авах бололцоотой байсан нь миний анхаарлыг татсан юм. Учир нь каратэгийн хувцас доод тал нь л 80 дойч марк байдаг байсан.
Тэгээд л шинэ каратэгийн хувцастай болохоор очиж хичээллэж эхлэв. Эхний өдрийн хичээл дуусаж хувцасаа солих зуураа багштайгаа яриж асуухаар зэхэж байсан маш их зүйлүүдээ асууж авлаа.
Ингээд харих замдаа түмэн бодолд автсанаа бараг өөрөө ч мэдээгүй хэрнээ тэнд нэг л өөр байсныг мэдэрсэн юм.
Харин юу нь өөр байсан юм бол?
 
Monday, October 02, 2006
  Шинэ хот-шинэ нийгэмлэг
Хэлний бэлтгэлээ амжилттай төгссөнөөр ХБНГУ-ын Саксон-Анхалт муж улсын нийслэл Магдебург хотын Отто-Фон-Гэрике Их сургуульд орж суралцсан ба тэр даруй хичээл эхлэнгүүт Их сургуулийн Спортын нийгэмлэгийн дэргэдэх Каратегийн клубт бүртгүүлж гишүүнээр элссэн юм. Долоо хоногт 2 удаа хичээллэх хуваарьтайгаас гадна анхан шат,дунд шат, дээд шат гэсэн 3 ангилалтай хичээллэдэг. Шат тус бүрийн бэлтгэл нь өөр өөр өдөр хичээллэдэг байлаа. Надад ямар нэг бүс буюу зэрэг байхгүй тул мэдээж анхан шатны хүрээнд хичээллэх болсон нь нэг л таатай биш байсан. Яагаад гэвэл би ахиад л баахан шинэковуудтай яг л жилийн өмнө эхэлж байсан шиг эхлэх хэрэг гарав. Багш маань харин бор бүстэй/ хар бүсний өмнөх бүс/ байсан нь өмнө нь ногоон бүстэй хүнээр заалгаж байсны хувьд харин дэвшил байлаа.
Энэ үеэс харин бүсний шалгалт өгч зэргээ ахиулан дунд шат, дээд шатныхантай бэлтгэл хийдэг болох хүсэл төрөх болов. Тэгээд ч бас өөр өнгийн бүс зүүнэ гэдэг их л гоео санагдсан хэрэг байх. Каратэгийн хувцсыг ГИ гэдэг бөгөөд энэ нь цагаан даалимбан өмд цамц хоёр тэгээд дээр нь цагаан бүстэй. :-)
 
Monday, September 25, 2006
  Германд ...
Хоёр Герман нэгдэх тэрхүү түүхэн агшинд нэгдсэн герман улсад суралцах завшаан надад тохиож ХБНГУ-ын Koethen хэмээх нэгэн жижиг хотод герман хэлний бэлтгэл ангид суралцаж эхэллээ. Энэ үед монголоос бид нар зургуул очиж бусад олон орнуудаас хэлний бэлтгэл хийхээр оюутнууд цугларсан байв. Гадаадын оюутнууд бүгдээрээ л хамтдаа оюутны байранд байж хоорондоо танилцаж германуудын ойлгохгүй герман хэлээр хоорондоо маш сайн ойлголцож бүхий зүйлийн талаар өргөн дэлгэр ярилцдаг байж билээ. Нэг удаа Туан гэдэг Виетнам залуутай яриж байгаад яагаад ч юм зодооны талаар, бие хамгаалах урлагын талаар ярилцаж, түүнд багаас нь өвөө нь бие хамгаалах урлаг сургаж байсан талаар мэдэж түүнээс ч бас тэрийгээ үзүүлэхийг хүсэв. Манай хүн ч бас янз бүрийн хөдөлгөөн хийж үзүүлэн намайг нилээд гайхшруулаад авав. Биш шууд л өрөө рүүгээ харайж хамт нэг өрөөнд амьдардаг Энхтөр, Болд хоёртоо энэ талаар хэлэн Туанаар зодоон заалгахыг уриалахад Энхтөр шууд дэмжин 2-уул Туан дээр очиж Туан ч зааж өгөхөө амлав. Тэгээд бид хичээлээ тараад хажуугийн цэцэрлэгд очин бэлтгэл хийдэг болов.
Нэг их удаагүй байж байтал сургуулийн спорт зааланд каратегийн курс хичээлэнэ гэсэн зар олж үзээд Энхтөр бид 2 ч бүртгүүлэхээр болоход Болд маань ч хамт явахаар болж харин Туан тийшээ явахгүй гэдгээ хэлэхэд бид их гайхаж билээ. Тэр үед манай сургуулийн дээд курсэд сурдаг нэг герман залуу (ногоон бүстэй - энэ нь сурагчийн 9 зэрэг байдгийн 4 дэхь шатны зэрэг) каратегийн үндсэн зогсолт энэ тэрийг зааж эхэлсэн боловч эхлээд маш их хүн байснаа цөөрсөөр Болд Энхтөр 2 маань ч ирэхээ больж сүүлдээ надаас гадна 2 гурван герман алдан оног ирсээр ... бид ч бэлтгэл курсээ тогсож өөр өөр хотод хувиарлагдан одсон юм.
Каратегийн курст сурсан юм бараг байхгүй ч цааш нь шинэ хотод очоод үргэлжлүүлнэ гэсэн хүсэл эрмэлзлээ тээсээр ...
 
  Каратэ ба хүүхэд нас
Миний хувьд хүүхэд байхдаа спортод сайн байгаагүй бөгөөд ерөнхийдөө ангиараа уралдахад хамгийн сүүлд арай ордоггүй юм гэхэд дундаас дээгүүр гүйж байгаагүй билээ. Тэр үед биеийн тамирын хичээл мөн л их чанга яг л биелүүлэх ёстой норм заасан байдаг байсан ба ер нь л тэрийг биелүүлэхгүй бол дүнгийн тал дээр ч бас асуудалтай болдог байлаа. Бусад хичээлүүд дээр зовох юмгүй онц гардаг миний хувьд энэ хичээл ахадсан зовлон авчирдаг байж билээ. Магадгүй багш нар маань миний хичээл зүтгэлийг үнэлж түүнээс гадна олон төрлийн олимпиадуудад сургуулийнхаа нэрийг гаргадгийг минь бас бодолцож онц гаргадаг байсан байх л даа. Гэхдээ би спортод тийм дургүй байгаагүй боловч чадахгүй зүйлдээ хүн нэг их дурлаад байдаггүйн жишгээр л бага нас минь өргөрсөн л дөө.
Нэг удаа найз маань их сонирхолтой маш ховор ном хүнээс ганцхан өдрийн хугацаатай гуйж авч над дээр ирэн намайг бүх зургийг нь хуулж зураад өгөөч гэсээр ирсэн билээ. Тэгээд ч тэр ном нь бас ч үгүй "хориотой ном" байгаад байдаг. Би тэр үед зураг зурдаг ангийнхаа бүх ханын сонинг гаргадаг байсан болохоор л тэр намайг зориж ирсэн хэрэг байлаа. Тэрхүү ном нь ямарыг нь үл мэдэх нэгэн бие хамгаалах урлагын хичээл бүхий сургалтын гарын авлага байсан юм. Би ч үзээд маш сонирхолтой санагдаж тэр үед ч ганц нэг зодоонтой кино гардаг байсан энэ тэрээс үзэж байсан тэр гайхамшигтайы зүйлийг сурахад бараг л тэр номтой байгаад хараад хийгээд байхад л сурчих юм шиг санагдаж бид хоёр ч шууд ажилдаа орж шилэн доор гэрэл асааж байгаад шөнөжин гэрэлтүүлж зурсаар нэг юм хуулж авч байсан юм. Ингээд дундаа хэрэглэх номтой болж тэрийгээ хараад дууриаж хийх гэж нилээд оролдоод сүүлдээ сонирхол буурч тэгээд л мартагдаж билээ.
Гэхдээ хэзээ нэг цагт бие хамгаалах урлагаар хичээллэх, сурах бололцоо гарах л юм заавал сурна нэсэн хүсэл эрмэлзэл минь унтралгүй хэвээр үлдсэн. Энэ "спорт" л харин миний дурлаж сонирхох спорт маань байж болох байсан юм.
 
  Өмнөх үг
Дорно дахины дайтах урлагаар хичээллэгч болон сонирхогч хүн бүхэнд ...
 
The martial art of shukokai-karate

Archives
September 2006 / October 2006 / November 2006 / September 2008 / December 2008 /


Powered by Blogger

Subscribe to
Posts [Atom]